Жамбалын Хорол

65

1962 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1086 тоотын дагуу 1962 оны 7 дугаар сарын 7-ны өдөр аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 60 тоот захирамж гарч Говь-Алтай аймгийн Ус цаг уурын товчоо байгуулагдаж анхны даргаар Жамбалын Хорол,няраваар Б.Рэн-Очир,нягтлан бодогчоор ХАА-н хэлтсийн нягтлан бодогч О.Дарьзав нар ажиллаж байлаа.Товчооны хариуцлагатны бүрэлдэхүүнд Ж.Хорол,Д.Даринчулуун,Б.Тойвжамц,Хулганаа нар орж байсан.Ахлах ажиглагчаар Д.Нацагдаорж ажиллаж байсан

Говь-Алтай аймагт Ус цаг уурын шинжилгээний байнгын ажиллагаатай станц 1950 –иад оны эхээр 4 орон тоотой 50 гаруй мянган төгрөгийн төсөвтэй өөрийн гэх байргүй, мал эмнэлэгийн конторын нэг өрөөнд ажлаа явуулдаг байлаа.
Аймгийн намын хорооны боловсон хүчин Б.Довчин намайг дуудаж, чамайг намын хороо Ус цаг уурын станцад ажиллуулахаар шийдсэн тэнд боловсон хүчин дутагдалтай байгуулагдаад 7 сар гаруй хугацаа өнгөрч байгаа боловч ажлын явц нь муу байгаа учраас намын гишүүний хувьд тэр байгууллагад ажиллаж олон төрлийн нарийн мэргэжлийг нь богино хугацаанд маш сайн сурч цаашид тогтвортой ажиллах хэрэгтэй гэдэг даалгавар өгсөнөөр ус цаг уурын станцад ажиллах болсон юм. 
Би тэр үед Түмэн сумын Эвлэлийн үүрийн даргын ажлыг намын үүрийн даргадаа түлхүүрээ өгөөд Ус цаг уурын станцад дагалдан ажиглагч-радистаар орж ажил амьдралаа Ус цаг уурын байгууллагатай холбож 1985 он хүртэл станц товчооны даргаар 27 жил ажилласан юм.
Тус станц нь шинжилгээний багажаас гадна хоёр ширхэг орос сампин, шилэн дэнлүү, нэг ширхэг столтой, лааны гэрэлд заримдаа өөхөн дэнгээр ажил үүргээ гүйцэтгэдэг байлаа. Станцын даргаар Ч.Чойлжилжав гэдэг хүн ажиллаж 2-3 дагалдантай ус цаг уурын мэргэжлийн хүнгүй байлаа. Цалин улиралд нэг удаа бөөнөөр Улаанбаатар хотоос шилжиж ирдэг  ажлын нөхцөл хүнд байлаа. 
Ус цаг уурын байцаагч  Пагважав, Н.Надмид нар ойр ойрхон ирж, шалгаж зааварлаж, хүмүүсийг сургадаг байснаас гадна цаг уурын ажиглагчаар Т.Бат-Очир радистаар Я.Бэгзгомбо нар түр хугацаагаар ирж биднийг сургадаг байлаа.
Тэр үед зарчимч шаардлага маш өндөр, ус цаг уурын дүрэм, журамч маш нарийн цагийг ягштал баримталдаг хатуу дэг журамд суралцан хэвшүүлж  чадсан юм. Тун удалгүй тус аймагт цагаан онгоц буух  болсоноор манай станц аймгийн адагт утаан дундаас аймгийн дээд талд гарч жижиг боловч өөрийн контортой аж ахуй, мэргэжлийн боловсон хүчин болох ажиглагчидтай болсон боловч долоо хоногоор ганцаараа ээлжинд гарах асуудал бишгүйл тохиолдож байлаа. Зөвлөлт холбоот улсын мэргэжилтэн Берзовский гэдэг хүн холбооны мэргэжлээр ирж РК-05 станц тавигдан баруун таван аймаг Ховд,Увс, Баян-Өлгий, Завхан заримдаа Баянхонгорын ч мэдээг хоногт 8 удаа цуглуулан тухай бүрд нь төвд дамжуулдаг байсан зэрэг шинэ, шинэ шинжилгээ үйлчилгээ мэдээллийн ажил нэмэгдсээр Баян-Тоорой, Тонхил суманд цаг уурын станц байгуулагдан бүх сумдын 85 хувьд Ус цаг уурын өртөө харуул байгуулагдан ажиглалтын сүлжээ өргөжиж ирлээ.
Ус цаг уурын алба үсрэнгүй хөгжиж гадаад харилцаа өргөжин Ус цаг уурын шинэ шинэ салбарууд олноор байгуулагдан ус цаг уурын өнөөгийн түвшний суурь тавигдаж билээ. Тухайлбал 1962 он гэхэд аймгийн ус цаг уурын станцыг  өргөтгөн товчоо болгож улмаар Алтай хотод Урьдчилан мэдээлэх товчоо, Холбоо зангилгаа, Аэролгийн станц, Хантайшир уулын ноён оргилд  Радарын станц байгуулан ус цаг уурын хоёрдахь томоохон төв болон өргөжлөө. Шинээр байгуулагдсан шинжилгээ үйлчилгээний эдгээр томоохон салбаруудыг аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжүүлж, мэргэжлийн боловсон хүчнээр хангах орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглох нэн хариуцлагатай зорилт тавигдсан билээ. 
Энэ томоохон бөгөөд ярвигтай зорилгыг ханган хэвийн ажиллагаатай болгох үйлсэд Ус цаг уурын албаныг удирдах газрын удирдлага Д.Түвдэндорж, Б.Мягмаржав, Д.Хоржав, Ш.Жадамба нарын алсын хараатай бодлого, зарчимч өндөр шаардлага удирдан зохион байгуулах ур чадвар, эцэг хүний ёсоор тавьж байсан анхаарал халамж, Аймгийн намын хороо, Захиргааны гүн туслалцаа, Ус цаг уурын товчооны хамт олны уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн ачаар уг зорилтууд амжилттай хэрэгжиж байсныг өвгөн би онцлон тэмдэглэмээр байна.
Шинээр суурилагдсан тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг богино хугацаанд хүчин чадлаар нь ашиглахад ЗХУ-ын мэргэжилтэн дэд эрдэмтэн Г.А. Гахорманов, Е.Г. Синицен, Аэрологийн станцад А.С. Орлов, Каваленков, Холбоо зангилгаанд А.С. Шаложов, А.С. Валерый зэрэг мэргэжилтэнүүдийг ирүүлснээс гадна, монголын шилдэг инженерүүд С.Даваасүрэн, Д.Гүрцоо, Ц.Адъяа, Д.Батаа, Г.Баасанхүү, Б.Төмөрбаатар, С.Бархаа, Д.Чүлтэм, Д.Цогтбаатар, Б.Батнасан, Б.Мягмарсүрэн, М.Лодон, М.Цоодол, Д.Жүгдэр, Д.Пунцагдорж, Б.Жамбаагарав, С.Сайзмаа нарын зэрэг өндөр мэргэжил боловсролтой дадлага туршлагатай хүмүүсийг томилон ажиллуулсаны ачаар тухайн үед тавигдаж байсан өндөр зорилтыг нэр төртэй биелүүлсэн төдийгүй эдгээр хүмүүсийн өндөр мэргэжил, хөдөлмөрч, ажилч хичээнгүй чанар тэдгээрийн оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг бишрэн хүндэтгэх нь зүйд нийцнэ . Хожим нь манай хамт олны дотроос Ус цаг уурын алба болон улс эх оронд алдар нэр нь цуурайтсан эрдэмтэн, доктор, пүүс кампанийн удирдагчид олон гарсныг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй юм. 
Ус цаг уурын албаны удирдах газар, Аймгийн намын хороо, Захиргаа, хөдөлмөрийн хамт олныхоо туслалцаа шууд дэмжлэгтэйгээр миний бие Ус цаг уурын техникум, МАХН-ын төв хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг төгсөж, Москва, Алма-Атай хотуудад 30-45 хоногийн хугацаагаар туршлага судлан суралцаж билээ. Төр засаг миний өчүүхэн хөдөлмөрийг өндрөөр үнэлж Засгийн газрын Хүндэт  жуух, Хөдөлмөрийн хүндэт медиаль,40,50,60,70,80 жилийн ойн медиаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор шагнагдсанд баярлаж явдагаа энэ ялдамд дурсан хэлэхийг хүсэж байна.
 
Хуваалцах :