Үе үеийн удирдлагуудын товч намтар
Сумъяагын Бархаа
МУИС-ийн Ус цаг уурын ангийг Ус цаг уурын инженер мэргэжилтэй 1968 онд төгсөж Монгол Улсад Урьдчилсан Мэдээлэх Товчооны 2 дахь том төв болж байгуулагдсан Говь-Алтай аймгийн Ус цаг уурын товчооны анхны инженерээр томилогдон очиж ажилласан юм.
МУИС-ийг надтай хамт нэг анги төгссөн Далхжавын Чүлтэм синоптик инженерээр, Гэндэнжамцын Мягтарсүрэн цаг уурын инженерээр ирсэн бөгөөд нэг жилийн дотор Алтангэрэлийн Нанжидсүрэн, Цэрэндонойн Адъяа, Цэрэндолгорын Сайзмаа, Галсандоржийн Баасанхүү нар ирж ажилласан юм. Нэг ангийн бид долоон инженерээс гадна Ус цаг уурын албыг удирдах газар, Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байсан Санжмятавын Даваасүрэн /доктор/, Баатарын Ганболд, Довчингийн Цогтбаатар, Дуламсүрэнгийн Батаа, Маналжавын Цоозол, Бандийн Батнасан, Хорхойн Жавзанхорлоо, Сэдэдийн Эрдэнээ, Бадарын Төмөрбаатар, Дүгэржавын Оюунчимэг, Мятавын Лодон нарын зэрэг олон инженер ирж цуг ажиллаж байлаа. Аймгийн Ус цаг уурын товчоо Урьдчилан мэдээлэх товчоо, Холбоо зангилаа, ХАА-н цаг уурын станц, Аэрологийн станц болон ус цаг уур, ХАА-н цаг уурын Баянтоорой, Алтай станц, усны шинжилгээний хоёр харуул, 17-н ХАА-н цаг уурын харуултайгаар өргөжин байгуулагдаж 1968 оны 12 сард нээлт хийхэд НҮБ-ийн төлөөлөгчид, Ус цаг уурын албаныг удирдах Ерөнхий газрын дарга Д.Түвдэндорж, Аймгийн Намын Хороо, АДХГЗ-ний дарга нар оролцон аймгийн хөдөлмөрчдийн томоохон цуглаан шинээр баригдсан Ус цаг уурын товчооны үүдэнд болж хөдөлмөрчид маш олноор оролцон олон хүн үг хэлж баяр хүргэж байсан билээ. Дараа нь баярын концерт тоглож, Аймгийн дарга, Албаны даргын хүлээн авалт хийж баяр хөөр болцгоож байлаа.Энэ үеэр ус, цаг урын төрөл бүрийн мэргэжлээр ЗХУ-ын эрдэмтэн мэргэжилтнүүд Е.П.Сеницен, Г.Гахраманов, Рая Семиновна, Шалошов, Валерий, Севетлана, Марина, Шалошова нарийн найман хүн урилгаар ирж бидэнтэй 1-2 жил хамт ажиллаж бидэнд мэргэжлийн туслалцаа үзүүлж цаг уурын төрөл бүрийн мэргэжилд дагалдуулан сургаж байсан юм.
Түүнээс хойно 1974 онд Цаг уурын радарын локатор байгуулагдаж арав гаруй мэргэжилтэн ирж хамтран ажиллаж байв. Тэр үед ажиглалт, боловсруулалт, буулгалт гэх зэрэг бүх үйл ажиллагааг гараар хийж байв. Инженер, техникчдийн зөвөлгөө, мэргэжлийн сургалтыг долоо хоног тутам тогтмол хийж цаг уурын шинжилгээ, мэдээлэл үйлчилгээ, мэдээ дамжуулалтын ажлыг сайжруулахад их анхаарч байсны үр дүнд манай товчоо системдээ эхний 5 байранд байнга шахам орж, Албаныг удирдах ерөнхий газар, Аймгийн удирдах дөрвөн байгууллагын шагналыг удаа дараа авч байсан нь бахархалтай байжээ. Цаг уурын урьдчилсан мэдээг хөдөлмөрчид их сонирхож байнга утсаар болон биеэр ирж асууж өдөр тутмынхаа хэрэгцээнд ашиглаж байсан нь одоотой харьцуулахад үнэхээр ач холбогдол өгч байсан нь харагдаж байна. Албаны дарга Төв Хороо, Засгийн газрын төлөөлөгчөөр ирж сумдад ажиллахад малчид хүлээн авагчийнхаа зайг хэмнэж зөвхөн цаг уурын мэдээг сонсоход ашигладаг гэж олон хүн хэлсэн нь албаны даргыг ихэд баярлуулж, өндөр сэтгэгдэлтэй байж билээ. Манай Урьдчилан Мэдээлэх Товчоо нь Баруун зургаан аймгийг УААА-н болон Иргэний агаарын тээврийг олон төрлийн мэдээ материалаар хангаж үйлчилж байлаа. Бусад аймгуудад ийм үйлчилгээ явуулдаг товчоо нэг ч байгаагүй юм. Манай байгууллага арав гаруй инженертэй, хорь орчим мэргэжлийн техникчтэй, дагалдангаар сурсан олон арван техникч ажиглагчтай, ЗХУ-ын олон мэргэжилтэнтэй, тэр үедээ өндөр мэдрэх чадвар бүхий аппарат тоног төхөөрөмжтэй /Аэрологийн болон Радарын радио локатор, холбооны олон төрлийн тоног төхөөрөмжүүд, өөрөө бичигч болон автомат станцууд гэх зэрэг/ байсан нь тэр үеийн дарга нар, байгууллагуудын удирдлагуудын анхааралд орж гадаад, дотоодын дарга сайд, төлөөлөгчид, хурал цуглааны төлөөлөгчидөд заавал үзүүлдэг, нэг үгээр аймагтаа шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт нэвтэрсэн хамгийн хүчтэй байгууллага гэгдэж аймгийн олон түмний сонирхдог, аймгийн төв орж ирвэл заавал үздэг байгууллага болж байсан юм. Би Говь-Алтай аймгийн Ус цаг уурын байгууллагад инженер /2жил/, ахлах инженер /11 жил/, байгууллагын дарга /11 жил/ ажиллахдаа дээр дурьдсан мэргэжилтэн инженерүүдээс гадна Н.Дашхүү, Т.Арилдий, Б.Борис, Г.Цэндсүрэн, Н.Энхтуяа, Д.Цэрэндаш, Ц.Нямаа, Д.Галбаатар, О.Эрдэнэтуяа, Н.Аюурзана, Д.Долгоржав, Б.Нямаа, Д.Маарай, Ч.Буянтогтох, Д.Оюунцэцэг, Н.Бүлцгэр, Т.Лхагвасүрэн, Д.Цэвгээ, П.Намсрай, Х.Гэрэлмаа, С.Марууш Б.Дариймаа, Ч.Дамдиндорж, Д.Буриад, Д.Сосорбурам, Н.Эрдэнэцэцэг, Ч.Батмөнх, Д.Цэцэгмаа, Д.Дэмид, Ж.Долгор, Т.Цасчихэр, Б.Уданбор гэх зэрэг техникийн өндөр чадвартай олон сайн техникч ажиглагч нартай үр бүтээлтэй ажиллаж тодорхой амжилтанд хүрч байлаа. Намайг сургууль төгсөж ирэхэд Аймгийн Ус Цаг Уурын Товчооны даргаар ажиллаж байсан Жамбалын Хорол надад удирдах ажлын арга барил, хүнтэй ажиллах эв дүй, мэргэжлийн удирдлагаар хангах гэх зэрэг ажил, амьдралын олон зүйлд сургасан багш минь билээ. Манай байгууллагын ажлыг амжилттай сайн хэрэгжүүлэхэд надтай хамт 20 гаруй жил хамт ажиллаж байсан нярав Ч.Мөнхбатыг дурьдалгүй өнгөрөх аргагүй.
Ус цаг уурын байгууллагын ажлыг Аймгийн Засаг даргын өмнө хариуцан шалган туслах, заавар зөвлөмж өгөх, хурал зөвөлгөөнд нь оролцон үүрэг даалгавар тавих, асуудлыг нь аймгийн хурал, засаг даргаар шийдвэрлүүлэх зэрэг ажлыг сүүлийн 15 жил хийхэд инженер С.Мөнхжаргал, Ч.Ариунбаяр Т.Дэлгэрмаа, Б.Дамдиндорж нар сайн туслаж байсныг мартахгүй.
Би мэргэжилтнүүдтэйгээ хамтран Алтай, Тонхил, Бугат, Хөхморьт станцууд, олон тооны харуулыг шинээр байгуулж ус цаг уурын ажиглалт судалгааны сүлжээг өргөтгөхөд хувь нэмрээ оруулсан юм.
Бид социалист хөдөлмөрийн хоёр бригад байгуулж бүгд гавшгайч болж байснаас гадна аймгийн гэмт хэрэг зөрчилгүй хамт олон болж тэргүүний байгууллага гэгдэж байлаа. өндөр мэргэжлийн сэхээтнүүдтэй гэгдэж аймгаас аж ахуй, эдийн засгийн, соёл урлаг, спортын, техникийн гэх зэрэг олон тооны үүрэг хариуцлага хүлээж, хэрэгжүүлж байсан нь манай байгууллагын нэр хүндийг өргөж байсан юм.
Миний ажиллах хугацаанд Ус Цаг Уурын Албаныг Удирдах Ерөнхий Газар, Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага мэргэжилтнүүд дахин дахин шалган туслах, зааварлах ажил хийж бидний ажилд их туслалцаа үзүүлж байлаа. Ялангуяа Ш.Жадамбаа / доктор, албаны орлогч, институтын захирал байсан/, Г.Баасанхүү, Д.Нямсүрэн /гавъяат/ нар олон удаа ирж миний ажилд туслаж байсныг мартаагүй байна.
Ус цаг уурын ажлыг гардан хийж, хариуцан ажиллаж байсан 39 жилийн өндөрлөгөөс харахад олон сайхан мэдлэг мэргэжилтэй, ажлын санаачлага идэвхитэй хүмүүстэй ажиллаж байсандаа сэтгэл санаа өндөр, бахархалтай санагдаж байна. Миний алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цаг уурын болон байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэг олон удаагын хүндэт жуух бичгээр шагнуулж байсан нь эвсэг хамт олны маань хүч хөдөлмөр байсан гэдгийг би байнга санаж байдаг билээ.