Самбуугийн Мөнхжаргал

50

Би 1991 онд МУИС-ийн Физикийн факультетийн Цаг уурын инженерийн ангийг төгсөж Говь-Алтай аймгийн БОХГазар/хуучин нэрээр/-ын Аэрологийн станцад инженерээр ажиллаж эхэлсэн билээ.
Намайг Их сургууль төгсөж ирэхэд Аэрологийн станц нь 1974 онд ашиглалтанд орсон ЗХУ/хуучин нэрээр/-ын Метеорит радиолокатор-МАРЗ-2.1 радиозондын систем ашиглаж агаар мандлын дээд давхрагын судалгааны ажлыг хийж байлаа. Манай станцын хамт олон оюутны ширээнээс дөнгөж ирсэн ажлын дадлага туршлагага гэх юмгүй намайг халуун дотноор хүлээн авч бид одоо болтол хамтран ажиллаж ирлээ. Энэ хугацаанд Монгол орон нийгмийн цоо шинэ харилцаанд шилжин орж эдийн засгийн хүндрэл бэрхшээл нийгмийн бүхий л салбарыг хамарсан бөгөөд үүнд манай цаг уурын салбар ялангуяа аэрологийн станцууд радиозонд, бөмбөлөг/шар/ зэрэг гадаад материалаар тасалдаж  хэвийн ажиллагаа алдагдан хүмүүс маань хийх ажилгүй болж эхэлсэн юм. Иймээс ихэнхи ахмадууд маань /ялангуяа эмэгтэйчүүд/ хөнгөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарч, залуучууд нь ажил амьдралын өөр зам сонгон зарим нь Улаанбаатар хот руу шилжиж, нэг хэсэг нь ганзгын наймаа /тэр үеийн хэллэгээр/-нд гарч, бас зарим нь өөр ажилд шилжиж амьдралын зам мөрөө хөөсөн хэрэг.
Гэтэл 1992 оны сүүлчээр Засгийн газрын тогтоол гарч /24-р тогтоол шиг санагдаж байна/ БОХГ-ыг бүтцийн өөрчлөлтөнд оруулж аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны хэлтэс болгож УЦУОШТөв хэмээх нэртэй цаг уурын байгууллагын захирлаар намайг 01 тоот тушаалаараа БОХ-ийн дарга нөхөр С.Бархаа томилчихдог юм. Ингээд л 1 жил гаруйхан ажилласан инженерийн ажлаа өөр хүнд өгч чадалгүй даргын ажлыг авсан даа. Одоо ч гэсэн аэрологийн инженерийн ажлыг хийсээр явна.
Тэр үед аймгийн Санхүүгийн хэлтсийн /хуучин нэрээр/ төсвийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Ган-Эрдэнэ / 10 жилийн миний дүү ангийн онц сурлагатан /-тэй уулзаж төсвийн хүндрэлийн талаараа танилцуулахад надад танилын нүүрээр маш нааштай хандаж миний хийсэн бүх тооцоог үзээд даргадаа танилцуулан шийдвэрлэн өгч урам зориг оруулж байсныг мартахын аргагүй.
Зах зээлийн харилцаанд шилжсэн шилжилтийн хүнд нөхцөлд юм бүхэн олдохгүй их л хэцүү байлаа. Энэ хүнд үед нярав Ч.Мөнхбат /одоо хөөрхий минь бурхан болсон/ мөн ч их түшиг тулгуур минь болсон доо.
Тэр үед мөрөөдөмтгий байж дээ… аймгийнхаа барилгын зургийн “Титэм” хоршоо / эзэн нь Говь-Алтайнхны дунд Бор хэмээн алддаршсан Батцагаан ах байв/-гоор цаг уурын шинэ байрны хоёр давхар барилгын зураг төсөв хийлгэн 100 мянган төгрөг төлчихөөд 1993 оны удирдах ажилтны зөвлөгөөнөөр хөрөнгийн асуудлыг нь шийдүүлэхээр УЦУОШГазрын Санхүүгийн хэлтсийн дарга н.Дамбадаржаад материалаа олны өмнө өгөөд загнуулан урам муутайхан зөвлөгөөн дуусгаж бас унааны асуудал тавьж ирэх 1994 онд шийдүүлэхээр болоод бас ч шиг дотроо баярлан буцаж билээ. Тэр үед ч үнэндээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга бариулна гэдэг бүтэшгүй хэрэг байсныг хожим ойлгож билээ.
Манай аймаг Эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж чадаагүй цөөн хэдэн аймгийн нэг байсан бөгөөд тог тасрах бол ердийн үзэгдэл болов. Ингээд 1994 оны удирдах ажилтны зөвлөгөөний үеэр эрчим хүчний хүндрэлтэй байдлаа дарга нартаа танилцуулж YAMAHA-900 мотор олгуулахаар зөвшөөрүүлж түүнийгээ аваад их баяртай ирж билээ. Ингээд тэр мотороо Холбооны салбартаа өгч операторууд маань Оросын асдаггүй АБ мотороо орос шүдэнз шиг ганц татаад л асдаг Япон мотороор сольж капиталист ертөнцийн техникийг ашиглаж эхэлсэн дээ.
Харин энэ үед цаг уурчид биднийг хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн төр засаг, түмэн олондоо хүргэдэг цаг агаарын урьдчилсан мэдээ бусад олон төрлийн мэдээгээ тасралтгүй өгсөөр л байсан болохоор ялангуяа жирийн иргэд, хөдөөгийн малчид үнэлэн үзэж байсан юм. Дан ганц бэлчээрийн мал аж ахуйгаас өөр эдийн засгийн тулгуур салбаргүй манай аймагт энэ нь бүр ч их илүү байсан бизээ. Миний ажиллах хугацаанд манай аймгийн удирдлагууд /ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Дорждагва, Ш.Эрдэнэбат, Засаг дарга Р.Цогтбаатар, Н.Жанчивдорж, Г.Бямбажав нар / цаг уурын байгууллагын ажлын үйл ажиллагааны онцлог, мэргэшсэн байдлыг ихэд ойлгон удирдлагыг нь ямар нэг байдлаар халж солиогүй ба байнга дэмжлэг туслалцаа үзүүлж ирснийг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Ингээд би өөрийн амьдралын болоцоогүй байдлаа аймгийн Засаг дарга Р.Цогтбаатарт танилцуулан захирлын ажлаа 1994 оны 5-р сард синоптикийн инженер Д.Цогтбаатар ахдаа өгч билээ.
Дээр миний эхлэл тавьсан хоёр асуудал хоёулаа шийдэгдэж 1994 оны эцсээр Цогоо захирал маань Улаанбаатар хотоос улбар шар өнгийн цоо шинэ УАЗ-469 машин унан ирж бид хирдээ л их баярлацгааж анхны томилолтыг надтай хамт Халиун, Цээл сумдад шалган туслах ажлаар явсан юмдаг. Мөн 1999 онд БО-ны сайд асан Ц.Адъяасүрэн / миний их сургуулийн багш/-гийн дэмжлэгээр цаг уурын хоёр давхар шинэ байр баригдаж  1990 оноос хойш анх удаа аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга болон түүхэнд бичигдсэн билээ. Энэ бол манай Цогоо захирлын маань нөр их хүчин зүтгэлийн гавьяа гэж би бодож явдаг. Гэтэл энэ завсар нэг асуудал үүсвээ тэр нь намайг ажлаа өгөөд хэдэн жилийн дараа манайд аймгийн санхүүгийн шалгалт ирж өнөөх зураг төсвийн үнэ 100 мянган төгрөгийг надаар төлүүлнэ гэдэг байхгүй юу. Харин түүн дээр би нэг их томорч билээ. Би юу гэж төлж байхав. Дараа нь барилга ч баригдаж  миний анх хөөцөлдсөн ажлууд Цогоо ахын минь үед бүтэж  би их баяртай байсан ба нөгөө төлбөр ч санаанаас хаягдсан шүү. Үнэнийг хэлэхэд би Цогоо ахтайгаа их гар нийлж ажилладаг байлаа. Би ч тэр үед 2-3 инженерийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан ба мэргэжлийн инженер тун дутмаг байсан даа. Миний хариуцсан аэрологи, цаг уур, хэмжилзүйн ажлууд улсад дээгүүр орж байлаа. Ялангуяа цаг уурын ажил улсад тэргүүн байр 1 удаа, 2-р байр 2 удаа авч байсан ба 2003 онд би системийн “Шилдэг инженер” болж УЦУОШГазрын баярын бичиг мөнгөн шагналаар шагнуулж  байлаа.
Миний бодлоор нийгмийн шинэ харилцаанд цаг уурын байгууллага шилжин орсноор техник технологийн шинэчлэлийн нэгэн үе эхэлсэн гэж боддог. Үүний эхлэл нь 1997 онд  аймгийн УЦУОШТөвүүд үдэсний ус цаг уурын албатайгаа Х-25 протоколоор компьютерийн сүлжээгээр мэдээлэл солилцож, 1998 оноос цаг уурын горимын мэдээний автоматжуулсан боловсруулалтын ПЕРСОНА-МИС систем нэвтрүүлж, 1999 оноос Синотикийн ажлын байрны автоматжуулалт, 2000 оноос аэрологийн станцыг Финлянд улсын Вайсала фирмийн Digi-CORA III бүрэн автомат системээр шинэчилсэн, Нарны цацраг судлалын автоматжуулсан боловсруулалтыг нэвтрүүлсэн, 2004 оноос хиймэл дагуулын холбооны VSAT систем,  2006 оноос 24 цагийн бие даасан интернет ашиглах болсон зэргийг хэлэхэд нэн таатай байна.
Би 2005 оны 2-р сарын 28-ны өдрөөс эхлэн УЦУОШГазрын даргын тушаа-лаар дахин төвийн захирлаар ажиллаж байна. Энэ хугацаанд манай хамт олон өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж шинэ залуу боловсон хүчнийг дэвшүүлэн ажиллуулах, тэднийг ажилд сурган дадлагажуулах, ажиллагсадын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, газрын бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2005 оноос хойш системийн хэмжээнд 5-7-р байранд шалгарч ажлын үзүүлэлтүүд жигд сайжирч байна.
Захирлын ажлыг хүлээн аваад юуны өмнө байгууллагынхаа дотод гадаад өнгө төрхийг сайжруулах, ажиллагсадын ажиллах нөхцөл бололцоог хангахад гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байгууллагадаа нягтлан бодох бүртгэлийн программ авч санхүүгийн ажилтанд компьютер, принтер авч өгснөөр санхүүгийн ажил сайжирч байгууллага маань нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт хангаж Сангийн сайдын гэрчилгээ гардан авчсны зэрэгцээ ня-бо мэргэшсэн нягтлан бодогч боллоо.
УЦУОШГазрын удирдлагуудын дэмжлэг туслалцаатайгаар 2006 онд барилгын дээврийг шувуун нуруутай болгож  урсгал засвар хийж тохижуулсаны зэрэгцээ хөрөнгө оруулалтаар бүх станцуудад бичгийн ширээ сандал, төвдөө компьютер принтерийн хангалт хийлгүүлж, өөрийн төсвийн зарцуулалтыг оновчтой зохион байгуулж зарим харуулын ажиглагч, төвийн инженер техникийн ажилтнуудын ширээ сандал, компьютерийн хангалтыг сайжруулсан  ба 2007 онд хөрөнгө оруулалтаар УАЗ-31512 автомашин, өөрийн төсөвтөө багтаан Ажбогд станцад нарны цахилгаан үүсгүүр, телевизор, сансрын антен, Тоорой станцад нарны цахилгаан үүсгүүр, Тонхил станцад диван ор, хөдөөний таван станцдаа тус бүр ширээ сандал, мөн ажлаараа эхний таван байранд орсон харуулын ажиглагч нарт ширээ сандал авч өгч ажиллах урам зоригийг нь сэргээсэн юм. Мөн 2005, 2006 оны ажлаар тэргүүлсэн Тоорой, Бугат станцуудыг телевизороор шагнаж урамшуулсан билээ.
2007 оны 6-р сараас Засгийн газрын 96-р тогтоолоор батлагдсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар “Цаг агаарт зориудаар нөлөөллөх явуулын экспедиц” байгуулан ажиллуулж, аймгийн ИТХ-аар асуудал оруулан 2008, 2009, 2010 оны орон нутгийн төсвөөс 6.0-6.5 сая төгрөг батлуулан Радарын инженер, техникч-жолоочийн цалингийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цаг уурын хөдөлгөөнт радар 724ХD автомашин, пуужин харвах суурь, сансрын холбооны ИРИДИУМ гар утас, дижитал аппарат, диктофон, GPS зэрэг 380 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр ханган үйл ажиллагаа явуулах материаллаг бааз бий болгосон.
2009 онд Алтай сумын Ажбогдын нуруунд хур тунадас нэмэгдүүлэх RGY-1 газрынгенератор байрлуулан Алтайн өвөр говийн экосистемийг тэтгэх нөхцөл бололцоог бий болгоод байна.
Одоо цаг агаарт зориудаар нөлөөлөх “Алтай-Бороо 2” экспедиц байгуулан ажиллуулах бэлтгэл ажил хийгдэж байна.
2008 оны 11 сард Алтай хотод агаарын чанарын хяналт шинжилгээний харуул байгуулан 2009 оны 4 сард харуулын тусгай байрыг тохижуулан төхөөрөмжилж одоо өдөрт 2 удаа агаар дахь нүүрс хүчлийн хий, азотын давхар ислийн дээж авч шинжлэн тодорхойлж байна.
Тус байгууллагын автомашиныг шинэчлэх ажлын хүрээнд 2005 онд өөрийн төсвийн хөрөнгөөр 3.8 сая төгрөгөөр  MAZDA MPV суудлын автомашин, 2007 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11 сая төгрөгөөр УАЗ-31512 автомашин, 2009 онд 1.2 сая төгрөгөөр HONDA 125 мотоцикль тус тус авч албаны ажлын хэрэгцээнд ашиглаж байна.
Мөн 2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөгөөр Тоорой станцын шинэ барилга бариулж, албаны төв байранд 8 сая төгрөгөөр халаалтын цахилгаан систем шинээр тавиулан ажиллагсадын ая тухтай ажиллах нөхцөл бололцоог бий болголоо.
БНСУ-ын Олон улсын байгууллагын хамтын ажиллагааны байгууллага /KOICO/ дэмжлэгээр Монгол орны уур амьсгалын түүхэн мэдээллийг цахим хэлбэрт оруулах  төслийн ажлын хүрээнд 2009 оны 4-р сарын 1-нээс эхлэн албаны харъяа станцуудын өөрөө бичигчийн 1985-2008 оны 105498 лентийг цахим хэлбэрт оруулах ажлыг амжилттай хийлээ.
2010 онд БНХАУ-ын Цаг уурын албаны дэмжлэгээр Шар шороон шуурганы мониторингийн станц байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.
Миний ажилласан хугацаанд Уур амьсгалын боловсруулалт, Нарны цацраг судлал, Тоорой станц тус бүр 1 удаа, Архив мэдээллийн дэд сан 2 удаа улсын тэргүүний салбараар, Аэрологийн станц тусгай байранд шалгарч ЦУОШГазрын Баярын бичиг, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж байлаа.
Намайг өдий дайтай ажиллахад удирдлагын болон мэргэжлийн гүн туслалцаа үзүүлж ирсэн УЦУОШГазрын дарга З.Батжаргал /Ph.D/, С.Энхтүвшин, дэд дарга Д.Цээсодролцоо, Д.Дагвадорж /Ph.D/, Захиргааны хэлтсийн дарга Б.Төмөрбаатар, СЭЗХ-ийн дарга С.Наран-Өлзий, мэргэжилтэн Ч.Пунцагдорж, Ц.Баттогтох, Н.Баттөр, УЦУХ-ийн захирал Л.Нацагдорж /Ph.D, БО-ны гавьяат ажилтан/, Д.Аззаяа /Ph.D/, секторын эрхлэгч Г.Намхайжанцан /Ph.D/, Д.Даваадорж /Ph.D/, Г.Даваа /Ph.D/, Ж.Цогт, МТТ-ийн захирал Н.Баттогтох /Ph.D/, С.Хөдөлмөр, орлогч захирал Ц.Батцэцэг, хэлтсийн дарга Тунгалаг, инженер Нямцэрэн, эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюунбаатар/Ph.D/, П.Гомболүүдэв, А.Батболд,  технологич инженер Г.Баасанхүү, Л.Норжмаа, Бадамсэндэн, Х.Алтанцэцэг, С. Чулуунцэцэг, Б.Эрдэнэцэцэг, Ц.Ганболд, БХЗТовчоо/хуучин нэрээр/-ны дарга Н.Лувсанбямбаа, Г.Самбуу, Г.Энхбат, инженер Д.Нямсүрэн /УЦУ-ын гавьяат ажилтан/, Ц.Довчин, Галтбаатар, Т.Түдэвдагва, Уламбаяр, БОШТЛаборатори /хуучин нэрээр/-н эрхлэгч Лхагвасүрэн, НЦУТөвийн инженер Х.Хангайсайхан, Энхбаяр, ЦАЗН Хурын шим төвийн захирал Д.Чулуунбат, экспедицийн ерөнхий менежер Д.Бат-Өлзий, зохицуулагч Г.Мөнгөнбаатар, Чулуун, Алтанцэцэг  нарт баярлаж явдгаа энэ далимд хэлэхэд таатай байна.
Намайг дарга, захирлаар ажилласан сүүлийн 5 жилд Д.Цогтбаатар, Б.Борис, Д.Долгоржав нар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, М.Батдэлгэр, Я.Бүрнээбаатар, Д.Галбаатар, Д.Даваацэрэн, Д.Цэцэгмаа нар БО-ны Тэргүүний ажилтан тэмдгээр, Д.Галбаатар, Ч.Буянтогтох, С.Мөнхбат, Д.Даваацэрэн, Д.Наранхүү нар БОЯ-ны Жуух бичгээр, Д.Галбаатар ЗЦГ-ын  “Осолгүй манлай” жолооч тэмдгээр, Б.Энхжаргал АЕГ-ын “Тэргүүний архивч” тэмдгээр, 10 гаруй хүн ЦУОШГазрын Баярын бичиг, Хүндэт жуух бичгээр тус тус шагнагдсан байна.
Миний бие төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын шагнал БО-ны Тэргүүний ажилтан, ХХААХҮ-ийн Тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулахад манай хамт олон түүний дотор БОАЖГ-ын дарга Л.Түвд, төвийн захирал Д.Цогтбаатар, инженер Д.Чүлтэм, Н.Дашхүү,Ч.Ариунбаяр, Д.Галбаатар, техникч Л.Пэрэнлий, Б.Борис, Д.Цэрэндаш, Д.Цэвгээ, Д.Даваацэрэн, Б.Энхжаргал, Б.Эрдэнэбилэг, О.Эрдэнэтуяа, Ч.Буянтогтох,  С.Дэлгэрмаа, Д.Өнөрзаяа, Д.Оюунцэцэг, Б.Дамдиндорж, оператор С.Мөнхбат, Д.Батбаатар, ня-бо Г.Буянхишиг, А.Энх-Амгалан, нярав Ч.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, газогенераторч М.Батдэлгэр, зэвсгийн инженер Я.Бүрнээбаатар, Б.Мижиддорж, жолооч Ц.Батбаатар, бичиг хэргийн ажилтан Л.Мөнхзаяа нарын дэмжлэг туслалцаа маш их байсныг зориуд тэмдэглэмээр байна.
Цаашид миний бие хөдөлмөрийн хамт олныхоо дэмжлэг туслал-цаатайгаар ихийг бүтээх хүсэл эрмэлзлэл дүүрэн байна.
 
Говь-Алтай аймгийн УЦУОШАлбаны дарга  С.Мөнхжаргал
 
2010.04.08
 
Хуваалцах :