Онцлох мэдээ

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЕД МӨРДӨХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын  2015 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн A/32/231 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ

ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЕД МӨРДӨХ

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг: Нийтлэг үндэслэл

 

1.1.Монгол Улсын хэмжээнд хот суурингийн доторх болон хот хоорондын нийтийн эзэмшлийн зам талбай, мөн түүнчлэн нийтээр ашиглаж байгаа хувийн хэвшлийн болон бусад хэлбэрийн өмчлөлд багтах зам талбайд тэсэрч дэлбэрэх бодис, түүний түүхий эд, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Энэ журмыг хэрэгжүүлэх ажиллагаанд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Автотээврийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, Замын хөдөлгөөний дүрэм, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн акт болон энэхүү журмыг удирдлага болгоно.

 

Хоёр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюултай байдлын зэрэглэлийн ангилал

Хүснэгт №1

Хамтатгах бүлэг Тэсрэх материалуудын ангилал ба тодорхойлолт
А Өдөөгч тэсрэх бодисууд
B Өдөөгч тэсрэх бодисыг агуулсан бүтээгдэхүүн
C Шидэх үйлчилгээтэй ба утаагүй дарь агуулсан тэсрэх бодис, бүтээгдэхүүн
D Тэсрэх бодис утаат дарь өдөөгч хэрэгсэл ба шидэгч үйлчилгээтэй цэнэггүй, хоёрдогч тэсэрч дэлбэрэх бодис агуулсан бүтээгдэхүүн
E Өдөөх хэрэгсэлгүй хоёрдогч тэсрэх бодис агуулсан, гэхдээ шидэх үйлчилгээтэй  цэнэгтэй бүтээгдэхүүн /хялбархан гал авалцдаг шингэн агуулснаас бусад/
F Хоёрдогч тэсрэх бодис, өдөөгч хэрэгсэл ба шидэх үйлчилгээтэй цэнэг агуулсан, эсвэл шидэх үйлчилгээтэй цэнэг агуулаагүй бүтээгдэхүүн
G Пиротехникийн бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүн
N Онцгой мэдрэх чадваргүй тэсэрч дэлбэрэх бодис агуулсан бүтээгдэхүүн
S Гадны гэнэтийн үйлчлэлээс цочрол авч тэсрэх аюул тохиолдоход түүнийг үйлчилгээг хязгаарлах, сав, баглаа, боодолтой буюу  тусгаарлан бүтээгдсэн бодис, бүтээгдэхүүн

 

 

 

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн

аюултай байдлын зэрэглэлийн дэд ангилал

Хүснэгт №2

Ангиллын дугаар Ангиллуудын шинж чанар
1.1. Дэлбэрэлтээс бүх ачаа нэгэн зэрэг тэсрэлт явагдах тэсрэх материалууд
1.2. Тэсрэх материалууд нь дэлбэрэлтээс бүгд тэсрэхгүй цацагдах аюултай
1.3. Тэсрэх материал нь шаталтаас их хэмжээний дулаан ялгаруулж, улмаар бие биедээ дамжин шатах ба бага хэмжээгээр дэлбэрч цацалт үүсгэнэ
1.4. Тэсэлгээний материал нь: тээвэрлэлтийн үед тэсэрч дэлбэрэх аюул багатай бөгөөд шаталт ба өдөөлтөөс гал авалцах ба тэсрэлтийн хүрээ сав баглаа боодлын хэмжээнд хязгаарлагдах
1.5. Ачилт, тээвэрлэлтийн үед үүсэх цохилт доргионоос өдөөлт авахааргүй маш мэдрэмжгүй мөртлөө бөөнөөр тэсрэх аюултай материал
1.6. Тэсрэх материал нь бөөнөөр дэлбэрэх аюулгүй, өдөөлт авах магадлал маш бага

 

Гурав: Тэсрэх материалуудыг тээвэрлэлтэнд бэлтгэх ба түүний сав баглаа боодол, хаяг, шошго, аюултай ачааны тэмдэг, тэмдэглэгээ

 

3.1.Техникийн нөхцөлүүд болон стандартын шаардлага хангасан, техник технологийн шаардлагын дагуу сав баглаа, боодол, тээвэрлэлтийн бичиг баримт бүрдсэн тэсрэх материалыг  тээвэрлэнэ.

3.2.Ачаа илгээгч нь тэсрэх материалыг аюулгүй, бүрэн бүтэн тээвэрлэх тохиромжтой байдлаар бэлтгэнэ. Үүнд:

3.2.1.сав баглаа боодол нь таних шошготой, битүүмжлэлтэй, лацадсан байх;

3.2.2.доторх тэсрэх материалууд нь нягт чигжигдсэн, сул чөлөөтэй хөдөлгөөнгүй байх.

3.3.Сав баглаа боодол, уут хайрцаг дээр үйлдвэрлэсэн, импортолсон байгууллагын нэр, хаяг, бүтээгдэхүүний нэр, энэ журмын хүснэгт 1, 2-т заасны дагуу тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюултай байдлын зэрэглэлийн ангилал, дэд ангилалыг тус тус байрлуулсан байна.

3.4.Тэсрэх материалын хоосон сав хайрцгийг дараах нөхцөлд аюулгүй ачааны адил тээвэрлэж болно. Үүнд:

3.4.1.бүх хоосон савыг нэг бүрчлэн шалгаад “Сав баглаа боодлууд бүрэн цэвэрлэгдсэн, аюулгүй, шалгасан–үзлэг хийсэн” холбогдох ажилтны гарын үсэгтэй байна;

3.4.2.шалгасан он, сар, өдөр;

3.4.3.албан тушаалтны нэр.

3.5.Цэвэрлэгдээгүй, үзлэг хийгдээгүй сав баглаа боодлыг тээвэрлэхийг хориглоно.

 

Дөрөв: Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага

 

4.1.Тусгай зориулалтаар үйлдвэрлэсэн, тоноглогдсон чиргүүл болон тээврийн хэрэгслийг жилд 2 удаа үзлэг оношлогоонд хамруулж, тээврийн хэрэгсэлд байршил тогтоогчийг суурилуулсан байна.

4.2.Тэсрэх материалыг зориулалтын, тусгай тоноглогдсон шингэн түлшээр ажилладаг автомашинаар тээвэрлэнэ.

Тээврийн хэрэгсэл явах боломжгүй газарт тэсэлгээний ажил явуулах шаардлагатай тохиолдолд мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөгдсөн тусгай тоноглогдсон трактор болон гинжит тээврийн хэрэгсэл болон ердийн хөсөг байж болно.

4.3.Тэсрэх материал тээвэрлэх зориулалтын болон тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарч байгаа утааны яндан оч баригчтай байхаас гадна түлшний савнаас алслагдсан байна.

4.4.Тэсрэх материалыг өөрөө буулгагч тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглоно.

4.5.Тэсрэх материалыг тусгай зориулалтын хатуу холбоогоор холбогдсон чиргүүлээр тээвэрлэж болно.

Хатуу холбоогоор холбогдоогүй чиргүүлээр тээвэрлэхийг хориглоно.

4.6.Тэсрэх материал тээвэрлэх зориулалтын авто машины тэвшний хана, шал нь үрэлтээс оч үүсэхээргүй галд тэсвэртэй материалаар хийгдсэн байна.

4.7.Тэсрэх материал тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн түлшний банкны хойд ба урд хэсэгт нь төмөр хаалтаар тоноглох, доод талаас нь 10х10 мм торлож нүхэлсэн төмрөөр хамгаалсан байх бөгөөд хамгаалалт болон  түлшний савны хоорондох зай 20 мм-ээс багагүй завсартай байна.

Түлшний банк нь хөдөлгүүр, цахилгааны утаснууд, утааны яндангаас алслагдсан зайнд байрласан байх бөгөөд түлш шатахуун гоожих тохиолдолд газарт шууд асгарахаар байрласан  байх ёстой.

4.8.Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн цахилгааны тоног төхөөрөмжүүдэд дараах шаардлага тавигдана.

4.9.Хүчдэл нь 24 В-аас их байж болохгүй.

4.10.Цахилгааны хэлхээнд хүчдэлийн хэлбэлзэлээс хамгаалах гал хамгаалагчтай байхаас гадна жолооч бүхээгнээс удирдлагаар бүх хүчдэлийг салгах боломжтой байна.

4.11.Цахилгааны утаснуудыг найдвартай тусгаарласан, богино холболт үүсэхгүй маш сайн бэхэлсэн, машины доргилт, цохилтод гэмтэхээргүй утааны яндангийн халалтаас хамгаалсан зайнд тоноглосон байна.

Цахилгаан утасны хамгаалалтын гадарга нь байгаль цаг уур болон бусад нөлөөлөлд тэсвэртэй байна.

4.12.Тэсрэх материал тээвэрлэх тусгай зориулалттай тээврийн хэрэгсэлд дараах шаардлагууд тавигдана. Үүнд:

4.12.1.бүхээг нь галд тэсвэртэй, бат бөх материалаар хийгдсэн, бэхэлгээ сайтай байх;

4.12.2.хаалга нь бат бөх, цоожлох боломжтой;

4.12.3.бүхээгийн арын хаалга онгойсон тохиолдолд дохио өгөх систем байрлуулж, гал унтраах хороор тоноглогдсон байна;

4.12.4.дотоод буюу технологийн тээвэрлэлтээс бусад тохиолдолд задгай тэвштэй тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглоно;

4.12.5.энэхүү журмын 9.4-т зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч, харгалзан хүргэх харуул, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцсан ахлагч нар тэсрэх материалтай хамт нэг бүхээгт явахыг хориглоно.

4.13.Тэсрэх материал тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нь дараах иж бүрдэлтэй байна.

а/бүхээгний дээр болон тэвшний баруун, зүүн хойд талын дээд өнцөгт шар гэрэл буюу гэрэл ойлгогч байрлуулсан байна;

б/машины дугуйны хэмжээнд таарсан 2-с доошгүй ивүүр;

в/5 литрээс багагүй хэмжээтэй 2-3 галын хор /ашиглалтын хугацаа дуусаагүй/;

г/гал унтраах цохиур;

д/шуурхай засвар үйлчилгээ хийхэд шаардагдах иж бүрэн багаж түлхүүр;

ж/улаан гэрэлтэй анивчих гар чийдэн;

з/Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Орохыг хориглоно” тэмдэг 2 ширхэг;

и/ослын зогсолтын тэмдэг 2 ширхэг;

к/гулгалтаас хамгаалах гинж;

м/эмийн сан.

4.14.Тэсрэх материал ачсан тээврийн хэрэгсэлд өөр төрлийн ачаа ачихыг  хориглоно.

4.15.Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийг тухайн байгууллагаас томилогдсон эрх бүхий ажилтан нь жолоочийг байлцуулан шалгаж, баталгаажуулан замын хуудаст тэмдэглэл үйлдэнэ.

4.16.Баталгаажуулаагүй авто тээврийн хэрэгсэлд тэсрэх материал ачихыг хориглоно.

4.17.Авто тээврийн хэрэгслүүдийг шалгах үзүүлэлтийн жагсаалтыг байгууллагын удирдлага гаргаж батална.

 

Тав: Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгсэлийн жолоочид тавигдах шаардлага

 

5.1.Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил тасралтгүй жолоодсон, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна.

Дээрх ажилд томилогдсон жолооч нь тэсрэх материалтай харьцаж ажиллах ажилчдыг бэлтгэх сургалтад хамрагдсан байна.

5.2.Найман цагаас дээш хугацаагаар тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлд ээлжийн жолоочийг хамтад нь томилно.

5.3.Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь замын хөдөлгөөний дүрэмд заасан бичиг баримт авч явахаас гадна дараах тээвэрлэлтийн бичиг баримттай байна. Үүнд:

а/тээвэрлэлтийн маршрут \замнал\-ын  схем;

б/тухайн тээврийн хэрэгсэлээр тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрөл;

в/тээвэрлэж яваа тэсрэх материалуудын ослын карт;

г/тээвэрлэгч байгууллага нь замын хуудасны зүүн дээд талд аюултай ачаа гэсэн тэмдэг улаанаар дарсан байна.

5.4.Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь батлагдсан замналыг зөрчих, өөр газарт зогсолт хийх, хурд хэтрүүлэхийг хориглоно.

5.5.Зайлшгүй зогсолт хийх тохиолдолд ачааг илгээгч болон хүлээн авагч байгууллагад шуурхай холбоогоор мэдэгдэж, суурин газраас 200 метрээс багагүй, замын баруун гар талыг шахаж, хойно ба урдаа 100 метрийн зайнд ослын зогсолтын тэмдэг тавих, шаардлагатай гэж үзвэл ачааг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна.

5.6.Зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд жолооч замын хөдөлгөөний дүрэм болон ослын картанд заасны дагуу шуурхай ажиллаж шаардлагатай гэж үзвэл онцгой байдал болон эмнэлгийн түргэн тусламж дуудах, зам тээврийн осол, хэргийн газар руу гадны хүмүүсийг ойртуулахгүй байх арга хэмжээ авна.

Замын тээврийн осол, хэрэг гарсан газарт цагдаагийн болон эмнэлгийн ажилтныг нэвтрүүлнэ.

Тээвэрлэж яваа ачааныхаа шинж байдлын тухай тодорхой мэдээлэл өгнө.

5.7.Жолооч автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдал, ачааны татлага, лац ломбо болон тэвшний хаалга хаалтуудад тус тус хяналт тавьж ажиллана.

5.8.Тэсрэх материал тээвэрлэж яваа жолоочид дараах зүйлийг хориглоно.

а/гэнэт хурдан хөдөлгөөн хийх, огцом тормозлох;

б/бүрэн бус автомашин чирэх;

в/хөдөлгүүрээ унтрааж, хурдны хайрцаг холбоосуудыг салгаж өнхөрүүлэх;

г/100 метрийн дотор ил гал гаргах, тамхи татах;

д/зайлшгүй шаардлага гарсан нөхцөлд ачаатай тээврийн хэрэгслийг хамгаалалтгүй орхиж явах.

5.9.Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлд ачааны бичиг баримтад тусгаагүй ачаа бараа, гадны хүн хамт авч явахыг хориглох

5.10.Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтыг зөрчихыг хориглоно.

5.11.Үйлдвэрлэлийн технологи /дотоод/-ийн тээвэрлэлтэнд тэсрэх материал тээвэрлэхдээ тусгай тоноглогдсон зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.

 

Зургаа: Тэсрэх материалыг тээвэрлэх маршрут \замнал\-ыг авах

 

6.1.Тэсрэх материалыг тээвэрлэж байгаа аж ахуйн нэгж нь тээвэрлэх маршрут \замнал\-аа боловсруулж цагдаагийн байгууллагаар батлуулна. Маршрут \замнал\-д аюултай ачааг илгээгчээс хүлээн авагчид хүлээлгэн өгөхөд тээврийн хэрэгслийн явах зам, хурд, хоноглох, түр зогсолт хийх, шатахуун цэнэглэх газар, ачааны нэр төрөл, тоо хэмжээ зэргийг тогтоосон тээвэрлэлт  зохион байгуулалтыг төлөвлөсөн бүдүүвч зургийг оруулна.

6.2.Тэсрэх материалыг тээвэрлэх маршрут \замнал\-ыг боловсруулахдаа дараах нөхцлийг тооцсон байна.

6.2.1.хот суурин газар, үйлдвэрийн объект, эмнэлэг, сургууль, олон нийтийн газар, байгалийн хамгаалалттай бүс, түүх соёлын дурсгалт газруудыг аль болох дайран өнгөрөхгүй байх;

6.2.2.тээвэрлэлтийн маршрут \замнал\-ыг сонгохдоо батлагдсан хатуу хучилттай, сайжруулсан, ердийн хөрсөн замыг сонгоно;

6.2.3.маршрут \замнал\-ыг тогтоохдоо эхлэх цэгээс дуусах цэг хүртлэх зайн хэмжээнд замын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй зааж, нийт туулах замын хугацааг тогтооно;

6.2.4.маршрут \замнал\-д хаагуур аль замаар явах, хаана зогсож хоноглох, хооллох, шатахуун цэнэглэх, замын аль хэсэгт аюултай, анхааралтай явах болон хурдны хязгаарлалтын хэмжээ зэргийг тусгана;

6.2.5.маршрут \замнал\-ын дагуу төв суурин газруудыг тойрч гарах, замуудыг бүдүүвч зурагт тодорхой зааж өгөх бөгөөд зайлшгүй тохиолдолд суурин дайрч өнгөрөх бол цувааг суурин газар орохоос өмнө хамгаалалт авах цаг хугацаа, зогсох цэг зэргийг тооцсон байна. Амарч хооллох, түр зогсолт хийж холбоо барих зогсоолуудыг сонгохдоо суурин газрын захаас 200 метр, замаас 50 метрээс багагүй зайг сонгож төлөвлөнө;

6.2.6.тээвэрлэгч байгууллага маршрут /замнал/-ын  нууцлалыг хангасан байна.

 

Долоо: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн материалуудыг ачих ба буулгах

 

7.1.Тэсрэх материалыг тээврийн хэрэгсэлд ачих ба буулгах зориулалтын тусгайлан  бэлтгэсэн талбайд болгоомжтойгоор гүйцэтгэнэ.

Тээврийн хэрэгсэлд тэсрэх материалын хайрцаг савыг сул зай гаргахгүй,  хоорондоо мөргөлдөхгүй, тэвшний хана, шаланд цохигдох, үрэгдэх, унахгүйгээр нягт нямбай байрлуулж ачина.

7.2.Тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж нь тэсрэх материалыг ачих ажлыг хариуцан зохион байгуулах удирдагчийг томилно. Удирдагч нь тухайн тэсрэх материалыг тээврийн хэрэгсэлд технологи, нормын дагуу бэхэлж, ачих зураглалыг батлан түүний дагуу гүйцэтгүүлнэ.

7.3.Тэсрэх материал илгээгч нь мэргэжлийн хяналтын байгууллагын олгох хуудас, цагдаагийн байгууллагаас баталсан маршрут /замнал/, тээврийн хэрэгслийн зөвшөөрөл, замын хуудсыг шалгаж материал олгоно.

7.4.Тэсрэх материал илгээгч нь тэсрэх материалын нэр төрөл, лац ломбо, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг нэг бүрчлэн шалгаж, олгох тоо хэмжээний дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцсан ахлагчид хүлээлгэж өгнө.

7.5.Тэсрэх материалуудыг ачиж буулгах, шилжүүлэн ачих ажлын зохион байгуулалтыг ажиллагсад бие биедээ саад болохгүй чөлөөтэй ажил үйлчилгээ гүйцэтгэхээр зохион байгуулна.

7.6.Тэсрэх материалтай хайрцаг хооронд зай завсаргүй сайтар чигжиж, шахаж байрлуулна.

Тусгайлан тоноглосон контэйнер /чингэлэг/-ээр тэсрэх материалыг тээвэрлэж болно.

7.7.Тэсрэх материалын ачиж буулгах үйл ажиллагаа нь тухайн үйлдвэр аж ахуйн нэгжийн батлагдсан зааврын дагуу нэг нэгээр орж ачилт буюу буулгалт хийлгэнэ. Дараагийн орох машин 100 метрээс хол зайд байрлаж хүлээнэ.

Ачаа ачуулсан машин үйлдвэр-агуулахын талбайгаас удахгүйгээр гарч тусгай зориулалтын хамгаалалттай талбайд байрлана.

7.8.Тэсрэх материалыг ачиж буулгах үед тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүрээ унтраагаад гар тоормозоо татаж, хоёр талын дугуйнд ивүүр хийн жолооч кабинаас бууж, аюулгүй байдлыг хангасан байна.

7.9.Тэсрэх материалыг нэг удаагийн тээвэрлэлтээр хэд хэдэн ачаа хүлээн авагчид хүргэхээр бол тэдгээрийг хэсэг тус бүрээр нь сайтар бэхлэж, тус тусад нь салангид ачиж буулгана.

7.10.Амархан шатах материалаар хийгдсэн татлага буюу хучлагыг хэрэглэхийг

хориглоно.

7.11.Тэсрэх материалыг ачиж буулгах талбайгаас 100 метрийн дотор ил гал гаргах, гагнуур хийх, тамхи татахыг хатуу хориглоно.

 

Найм: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх

 

8.1.Тэсрэх материал ачсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын хөдөлгөөний болон энэ журмын дагуу батлагдсан маршрутаар цагдаагийн хамгаалалттай гүйцэтгэнэ.

8.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний материал тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй, энэхүү журмын 4 дүгээр бүлэгт заасан тээврийн хэрэгсэлд тавих шаардлага хангасан байна.

8.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар байгалийн үзэгдэл, цаг агаар, замын нөхцөл байдлаас хамаарч хурдыг сонгож явна.

8.4.Үзэгдэх орчин хязгаарлагдмал (харанхуй үе, тоос, манан, цасан шуурга, аадар бороо, хальтиргаа гулгаатай) нөхцөлд хурдыг тохируулж аюулгүй байдлыг хангаж явна.

8.5.Тэсрэх материалыг цуваагаар тээвэрлэх нөхцөлд цуваанд яваа тээврийн хэрэгсэл нь хоорондоо дараах зайг баримтлан хөдөлгөөнд оролцоно:

а/тэгш гадаргуутай, шулуун зам дээр 50 метрээс багагүй

б/уулын замд өгсөх, уруудах нөхцөлд 300 метрээс багагүй

8.6.Хальтиргаа гулгаатай нөхцөлд дугуй хий эргэх тохиолдолд гинж өмсгөх ба бусад хэрэгслүүдийг хэрэглэнэ.

8.7.Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл нь шатахуунаар хүрэлцэхүйц цэнэглэгдсэн байна.

Зам зуур шатахуунаар цэнэглэх нөхцөлд хот, суурин газрын захад байрласан маршрут \замнал\-д тусгагдсан Шатахуун түгээх станцаас цэнэглэнэ.

Зөөврийн цэнэглэгч машинаар аюулгүй байдлыг хангаж цэнэглэж болно.

8.8.Тэсрэх материал тээвэрлэж яваа тэээврийн хэрэгсэл дараах газруудад зогсохыг хориглоно. Үүнд:

а/цахилгаан дамжуулах шугамын доор

б/гүүрний дээр болон доор, тунелийн дотор

в/суурин газар

8.9.Аянга цахилгаантай нөхцөлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсооно. Ингэхдээ тээврийн хэрэгслийг ой мод болон хот суурин газраас 200 метр, машин хооронд 50 метрээс багагүй зайнд байрлуулж, тэсрэх материал тээвэрлэж яваа ажилтан, харгалзан хүргэх харуул нар, тээврийн хэрэгслээс 200 метрээс багагүй зайнаас хянана.

Энэ шаардлагуудыг биелүүлэх боломжгүй тохиолдолд тэсрэх материалын тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцсан ахлагч шуурхай шийдвэр гаргаж аюулгүй нөхцлийг хангана.

8.10.Тэсрэх материал ачсан тээврийн хэрэгслийг гараж болон түүнтэй адилтгах барилга байгууламж дотор тавихыг хориглоно.

8.11.Тэсрэх материал ачсан тээврийн хэрэгслийг гаталга онгоцоор гол мөрөнөөр нэг нэгээр нь гаргах шуурхай арга хэмжээ авна.

Гаталга онгоцон дээр бусад тээврийн хэрэгсэл, гадны хүн тээвэрлэхийг хориглоно.

8.12.Тэсрэх материал тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл гал түймэр,  нефть хийн үйлдвэрээс хол аюулгүй байдлыг хангаж явна.

8.13.Хүн ам оршин сууж байгаа газарт тэсэлгээний ажлыг явуулах нөхцөлд тэсрэх материалуудыг тусгай зориулалтын битүүмжлэгдсэн тэвштэй тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

8.14.Тав ба түүнээс илүү тооны автомашинуудын цуваагаар тэсрэх материал тээвэрлэхэд цувааны урд заавал хамгаалалтын хөтөч машинтай байна.

8.15.Цуваа нөөцийн тээврийн хэрэгсэлтэй байж болно. Тэсрэх материал тээвэрлэж яваа автомашинууд ойрын гэрэл асааж явна.

 

Ес: Тэсрэх материалтай тээврийн хэрэгслийг хамгаалах ба дагалдан явах

 

9.1.Тэсрэх материалын тээвэрлэлтийг цагдаагийн байгууллагын харуул хамгаалалт, хяналтанд явуулна.

9.2.Тэсрэх материалын тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцсан ахлагч нь тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэхтэй байх ба овог, нэр, албан тушаалыг замын хуудас дээр тэмдэглэсэн байна. Тэсрэх материалын тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцсан ахлагч тэсрэх материалын тээвэрлэлтийг ачихаас буулгах хүртэлх үйл ажиллагааны аюулгүй байдлыг хариуцна.

9.3.Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл нь ачилт, буулгалт  тээвэрлэлтийн явцад цагдаагийн хамгаалалт болон дагалдан яваа хүмүүсийн байнгын хяналтанд байна.

9.4.Нэг тээврийн хэрэгслээр тэсрэх материал  тээвэрлэж яваа нөхцөлд ачаа хариуцагч болон харгалзан хүргэх харуул хамт явах бөгөөд хоёр болон түүнээс дээш тээврийн хэрэгслээр тэсрэх материал тээвэрлэж байгаа үед ачаа хариуцагч урд талын машинд, хамгаалагч сүүлийн машинд явах бөгөөд хоорондоо холбогдох холбооны хэрэгсэлтэй  байна.

9.5.Тээвэрлэлтийн үйл ажиллагааны ахлагч, харгалзан хүргэх харуул, жолооч нар ачааныхаа шинж байдал онцлог нөхцөл байдлыг мэдсэн байх шаардлагатайгаас гадна болзошгүй аваар ослын үед хувийн хамгаалах хэрэгслүүдийг ашиглах, анхны тусламж үзүүлэх чадвартай байна.

9.6.Тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ахлагч маршрут /замнал/-ын дагуу явж байгааг хянаж гүйцэтгэх бөгөөд харгалзан хүргэх харуул нь ачааны бүрэн байдалд хяналт тавина.

Цуваагаар тээвэрлээгүй тохиолдолд жолооч нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцсан ахлагчийн үүргийг давхар гүйцэтгэж болно.

9.7.Гамшиг, осол гарсан тохиолдолд тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцсан ахлагч нь жолооч, харгалзан хүргэх харуул нарын үйл ажиллагааг зохицуулна.

9.8.Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн техникийн саатал, ачаа нурах зэрэг зайлшгүй зогсолт хийх нөхцөлд энэ журмын дагуу ажиллана.

9.9.Эрдэм шинжилгээ, сорилт, туршилт хийх зориулалтаар дээж авч тээвэрлэхэд маршрут /замнал/-аа цагдаагийн байгууллагаар батлуулж, гэрээт харуул хамгаалалтын байгууллагын хяналтанд дор тэсрэх материалыг авч явахыг зөвшөөрнө.

9.10.Тэсрэх бодис  40 кг- аас илүүгүй, тэсэлгээний хэрэгсэл төрлөөс нь хамааран 20 ширхэгээс ихгүй байна.

9.11.Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг хот, суурин газрын ойролцоо онцгой шаардлагагүй тохиолдолд удаан зогсоохыг хориглоно.

 

Арав: Ослын карт

 

10.1.Тэсрэх аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь аюултай ачааны   мэдээллийн тэмдэгтэй /Цаашид “ослын карт” гэнэ/ байна.

10.2.Тэсрэх материал ачсан тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн явцад гарч болох аюулын тухай мэдээллийг багтаасан, гарч болох зам тээврийн болон аваар ослын үед түүнийг арилгах арга хэмжээг ослын картанд /маягт №10.2/ тусгасан байна.

10.3.Тухайн ачааны ангилал тус бүрт ослын карт нь ачаа илгээгч болон хүлээн авагчийн аль нэг нь бөглөсөн байх ёстой. Ослын карт нь ачааны тээврийн баримттай хамт тээврийн хэрэгсэлд байна.

10.4.Мэдээллийн тэмдэг нь ачаа илгээгч хянаж, илгээгчийн буюу тээвэрлэгчийн тээврийн хэрэгсэлд маягт №10.4-т заасан хэмжээгээр заавал тавигдсан байна.

10.5.Мэдээллийн тэмдэг дээр яаралтай арга хэмжээ авах тоон кодууд нь 1989 оны “Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц”-д заасны дагуу тавигдсан байна.

Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлүүдэд тавигдсан мэдээллийн кодуудыг дараах утгаар ойлгоно.

а/ус хэрэглэж болохгүй, хуурай галын хорыг хэрэглэх

б/даралттай ус хэрэглэх

в/хөөс ба хөөсрүүлсэн найрлагатай

г/нүүлгэн шилжүүлэх

10.6.Тэсрэх материал тээвэрлэж яваа үед осол гарсан нөхцөлд ослыг арилгах арга хэмжээнүүд нь ослын картанд заасан байх ба яаралтай мэдээллийн тэмдэгт заасны дагуу гүйцэтгэнэ.

10.7.Мэдээллийн тэмдэг нь тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн хойно ба урд нь гол тэнхлэгт эгц байрлуулсан байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

а/тээврийн хэрэгслийн урд талд байрлах хамгаалалтын бамбай \гүүпер\-ны баруун талд тавигдана;

б/тээврийн хэрэгслийн хамгаалалтын бамбай \гүүпэр\-н овроос илүү гарахгүй, тээврийн хэрэгслийн дугаарыг халхалж болохгүй;

в/ар талын тэмдэг нь тэвшний зүүн дээд талд байрлах бөгөөд гэрэл дохио улсын дугаарыг халхалхааргүй байрлуулна;

г/мэдээллийн тэмдэгийг тээврийн хэрэгсэл дээр тусгай тогтоогч дээр бэхэлнэ.

 

Арван нэг: Зөвшөөрөл олгох

 

11.1.Тээврийн хэрэгслийн зөвшөөрөл олгоход дараах бичиг баримтыг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд ирүүлнэ.

11.1.1.тээврийн хэрэгслийн зөвшөөрөл хүссэн байгууллага, аж ахуйн нэгжийн албан хүсэлт;

11.1.2.байгууллага, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

11.1.3.байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар;

11.1.4.жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;

11.1.5.тээврийн хэрэгслийн оношлогооны дүгнэлтийн хуудас;

11.1.6.тээврийн хэрэгслийг стандартын дагуу тусгайлан тоноглосон тухай байгууллага, аж ахуйн нэгжийн тодорхойлолт;

11.1.7.тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгслийг 4 талаас нь авсан фото зураг;

11.1.8.тээврийн хэрэгслийн жолооч нарын тэсрэх материалтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэх;

11.1.9.байгууллага, аж ахуйн нэгжээс олгосон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй харьцах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа.

 

11.2.Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч хянан үзээд ажлын 10 хоногт багтаан маягт №11.2-т заасан зөвшөөрлийг олгоно.

11.3.Тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл нь 1-6 сарын хугацаатай ба тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хүчинтэй байна.

 

Арван хоёр: Журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

12.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн  үед мөрдөх аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн, эсхүл хуурамч бичиг баримт бүрдүүлэн зөвшөөрөл авсан тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

—-о0о—-

 

 

Маягт №10.2

 

ОСЛЫН КАРТ

Аюултай ачааны дугаар Ачааны төрөл Аюулын зэрэглэл Шуурхай авах арга хэмжээний код
ҮНДСЭН ШИНЖ ЧАНАР БА АЮУЛЫН ЗЭРЭГЛЭЛ
Үндсэн шинж чанар Тухайн тэсрэх материалын шинж чанарыг тодорхой бичих
Галын болон тэсрэлтийн аюул Тэсрэлт болон галын аюулаас байгаль орчинд үзүүлэх,

хүнд учрах хор хөнөөл

Хүний эрүүл мэндэд аюултай байдал
ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ
Хамгаалах хэрэгслүүд зайлшгүй байхыг бичнэ.
ОСЛЫН НӨХЦӨЛД ЗАЙЛШГҮЙ АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Тээвэрлэлтийн үед  

 

Гал түймрийн үед

 

 

 

 

ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

Тайлбар: Ослын картыг бөглөхдөө тухайн тэсрэх материалын техникийн тодорхойлолт, ашиглалтын заавруудаас авч бичнэ.

 

Тухай altai monkhbat

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *